ТОВЧ НАМТАР
Хичээнгүй сайд хэмээх Балингийн Цэрэндорж одоогийн хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын хэрлэнбаянУлааны өвөрт 1868 онд төржээ. Багаасаа гэрийн боловсрол эзэмшсэн тэрээр 1865-1911 онд манж заргачийн газарт бичээч, орчуулагч түшмэл, 1913-1915 онд гадаад яамны дэд сайд, 1915-1919 онд тэргүүн сайд, 1921 оны гуравдугаар сараас гадаад яамны эрхэлсэн түшмэл, 1922-1923 онд гадаад яамны сайдаар ажиллаж байжээ. 1915 онд хиагтын гэрээ байгуулах гурван улсын уулзалтад монголын төлөөлөгчдийг хятадын шаардлагаар солиход тухайлан Цэрэндоржийг нэрлэн ирүүлсэн байна. Мөн 1919 онд монголын автономитыг устгах гэрээнд Шанзудба Бадамдоржийн хамт идэвхийлэн оролцож гарын үсэг зурж баталгаажуулсан гол хүний нэг юм. Тэрээр 1923 оноос ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байгаад 1928 оны хоёрдугаар сарын 13-нд өвчний улмаас тэнгэрт хальжээ.
МОНГОЛ ТӨРИЙН “НУГАРААГҮЙ НОЁН НУРУУ”
Алдар хүндийн оргилд хүрэх зам шулуун дардан байдаггүй. Амьдрал хэмээх уул олон даваа гүвээтэй, даваа бүр нь бартаатай, оргил дээрээ олзтой, олз бүр нь ухаарал, сургамж, дурсамж байдаг гэлтэй. Хөлгөн их түүхийг өртөөлчилсөн хэрлэний хөдөө арлаас тодрон мандсан алдартан суутнуудын тэргүүн магнайд БНМАУ-ын анхны Ерөнхий сайд, “Хичээнгүй” хэмээх Б.Цэрэндорж зүй ёсоор бичигдэх ажгуу. 1928 оны өвөл Б.Цэрэндоржийг нас барахад “монгол үндэстний газар ус, ард түмэн, улсын эрх мэдэл, эдгээрийг алдахгүйг цаг ямагт бодолхийлэн оролдож явсан" хэмээн гашуудан тэмдэглэж байсан гэдэг. Академич Д.рэгдэлийн өгүүлсэнчлэн “Балингийн Цэрэндорж хэмээх энэ эрхэм хүмүүн тусгаар тогтнолоо сэргээсэн 1911 оны хувьсгал, эрх чөлөөт бие даасан байдлаа бататган бэхжүүлж, хөгжил дэвшилд хүрэх замыг нээсэн 1921 оны хувьсгал, хүн төрөлхтний жишгээр Бүгд найрамдах засаглалыг тогтоосон түүхийн онцгой нэгэн үед төрийн сайдын албыг хашиж, Засгийн газрыг тэргүүлэхдээ улс орныхоо дотоод, гадаад бодлогыг тодорхойлж, хууль цаазын салбарт хийсэн шинэчлэлийг удирдаж, иргэний боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх, улс орныг батлан хамгаалах үйл хэрэгт тэргүүлэх үүрэгтэй оролцож байв. Түүний хийж бүтээсэн бүхнийг нэгэн удаа өгүүлж үл барах” билээ. Б.Цэрэндорж нь бага наснаас бичиг эрдэмд шамдан, монгол, манж, хятад хэл бичгийг зэгсэн сайн сурч, тухайн цаг үеийнхээ бичгийн боловсролтой нэгэн болсноор идэр залуугаасаа төрийн алба хашжээ. XX зууны эхний мөчлөгт монгол орон, монголчуудын түүхэнд тохиосон олон үйл явдлын гэрч, оролцогч байсан энэ хүмүүн үндэсний сэргэн мандалын эхийг тавьсан 1911 оноос хойш насан эцэслэх хүртлээ монгол төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, эрдэм ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан байна. Тэрээр монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж, төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлон, хууль цааз боловсруулж, иргэний боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх, улс орныг батлан хамгаалах үйл хэргийг удирдсан юм. Тэрээр эрдэм билиг төгөлдөр нэгэн байсан бөгөөд идэр залуу насандаа хэлмэрч, орчуулагч хийж, улмаар орчин цагийн шинжлэх ухааны байгууллага,Судар бичгийн хүрээлэнгийн хүндэт гишүүнээр сонгогдон, ном бүтээл туурвин тусгай шагнал хүртэж, монгол Улсын Бичгийн гавьяаны тэргүүн зэргийн одонг анх хүртжээ. Түүний угсаа гарвал, хүмүүжил төлөвшил, үзэл бодлынх нь талаар түүхчид санал зөрөлдөж, хоёр талтай бичсэн байдаг ч талтай. Гэвч монгол төрийн ноён нуруу болж, тусгаар улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсныг нь хүн байтугай түүх ч үгүйсгэж чадахгүй биз ээ. Тэрээр жавзундамба хутагтын их шавийн хэрлэн Барсдай отог буюу өдгөөгийн хэрлэнбаян-Улааны өвөр этгээдэд орших Улаачин сууринд 1868 оны шар луу жилийн дөрөвдүгээр сарын шинийн гурванд мэндэлжээ. Эцэг нь ядуу ард байсан хэдий ч хүүгийнхээ ухаан мэргэн, оюун тунгалаг болохыг нь ажиж мэдээд зургаан наснаас нь үсэг холбуулан билгийн нүдийг нь нээж эхэлсэн байна. Гэвч зовлон, жаргал ээлжилдэг хорвоогийн жам балчир хөвгүүнийг өрөвдөж энэрсэнгүй. Тэрээр зургаан настайдаа эцгээсээ өнчирч, ээж мөнгөнхүүгийн хамт айлын мал маллан, шар нар, бор хоногийг элээн өсөж торнижээ. Тэрээр эр бие чангармагцаа уул давж, ус гатлан их хүрээг зорьж, олны дунд орж, амьдралын үнэнтэй нүүр тулахаар шийджээ. Амгаланбаатар хотод суурьшмагцаа ажилд хичээнгүй, эрдэмд шамдангуй төрөлхийн давуу талаа дайчлан манж, хятад хэл бичиг сурч, боловсролтой хүмүүсийн эгнээнд нэгдсэн байна. Улмаар 1880-аад оны эхээр манжийн заргачийн газарт дагалдан туслах бичээчээр ажиллаж байхдаа Чин улсын төр бууран доройтож буйг ойлгож, монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулах үйлсэд зүтгэхээр сэтгэл шулуудсан талаар түүхэн сурвалжуудад бичиж үлдээсэн байдаг. Тэрээр 1890 оноос Орос консулын яамны дэргэдэх хэлмэрчийн сургуульд монгол хэлний багшаар ажиллан, өрнийн соёлтой танилцжээ. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхийлэн оролцсоны учир Богд хаант монгол Улсын Гадаад яамны дэс түшмэлээс тэргүүн сайд хүртэл дэвшин ажиллав. 1912-1913 онд Гадаад яамны сайд Чин ван ханддорж, 1913-1914 онд Ерөнхий сайд Сайн ноён хан намнансүрэн нар хаант Орос улсад айлчлахад хамт явсан гэдэг. Хиагтын гурван улсын гэрээнд монголын Засгийн газрын төлөөлөгчөөр оролцсон түүхтэй. Б.Цэрэндорж нь монгол Улсад Бүгд найрамдах засаг тогтоох үйл явцад идэвхийлэн оролцож үндсэн хууль зохиох комиссийн даргаар ажилласнаас гадна нийт 60 гаруй хууль, дүрэм боловсруулахад оролцжээ. монгол төрийн гадаад бодлогыг дан ганц ЗХУ-тай харилцах бус, капиталист улс орнуудтай ч мөн харилцах, дотооддоо хуучин ноёд, язгууртнуудын эсрэг үйл ажиллагаа явуулах бус тэднийг улсын аж ахуйн ажилд татан оруулах, хувийн капиталыг дэмжин, иргэн бүр чинээлэг амьдрах нөхцлийг бий болгох бодлого баримтлан ажилласан байна. Түүний нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, зохиолч М.Ядамсүрэнгийн бичснээр “Б.Цэрэндорж гуай ажлын цагаар сэлгүүцэн явах, сул үг ярилцах, шуугилдахад тун дургүй. Цагийн хатуу хуваарьтай, ажлын цагийг үр ашигтай өнгөрөөхийг шаарддаг” байж. Ийм ажилч хичээнгүй, үлэмжийн тэвчээр хатуужилтай нэгэн байсан бөгөөд бие тэнхээрч ажилдаа очиж чадахгүй болсон
2022-11-30 11:13:53