Тэргүүн хорооны дарга
Ардын хувьсгалын ялалтын галыг асаалцаж, тугийг мандуулж явсан ардын журамт цэргүүдийн дунд “тэргүүн хорооны дарга” хэмээн нэрээ мөнхөлсөн партизан Б.Пунцаг Сэцэнхан аймгийн Зоригт бэйс мишигдоржийн хошуу буюу одоогийн хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг хэрлэнбаян-Улааны энгэр их хайлантайн амны баруун биед таван хайстын өвөлжөөнд аав Гүр, ээж Дунжий нарын гэрт 1882 онд мэндэлжээ. Түүнийг мөрөн суманд төрсөн гэх эргэлзээтэй мэдээлэл байдаг боловч Б.Пунцаг бол яах аргагүй Дэлгэрхаан сумын уугуул Гүрийн гурван хүүгийн нэг болон төрж, энэ нутагт өсөж торнисон талаар нутгийн ахмадууд, ахан дүүс нь батлан ярьж байна. Тухайлбал, “Залуу насандаа Зоригтын тамгын газарт ээрэгдэж, хар гэрт хоригдсон юм гэнэ лээ. Ямар ч юм бэ, тохиолоор оргож гараад хүрээ замын дагуу зүүн чигийн нутгийн аянчинтай учирч, унаа хөсөгт нь дайгдаж, хүрээ орсон юм гэдэг. Тухайн үед хүрээнд хүрээний болон Консулын гэсэн хоёр том бүлэг байгуулагдсан байсан. Пунцаг хувь заяаны эрхээр хувьсгалчидтай уулзан учирч, Сүхбаатарын цэрэгт нэгдсэн юм билээ. Бүр хожим Зүүн аймгуудыг тохинуулах Засгийн газрын төлөөний түшмэлээр томилогдсон хойноо нутагтаа ирээд Зоригтын тамгын газар, хар гэрийн буурин дээр ирж адис аваад “энэ бол намайг хүн болгосон сав юм шүү” гэж хэлсэн гэдэг шүү” гэж монгол Улсын Гавьяат малчин Г.Сампил гуай хуучилсан юм. харин хэзээ, ямар шалтгаанаар овгоо Базарын хэмээн сольсон талаар мэдээлэл олдсонгүй. Б.Пунцаг 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаар ховд, Улиастайг чөлөөлөх зэвсэгт тэмцэлд их бууны Пунцаг нэрээр оролцож ховд, Улиастайн амбаныг хөөж гаргах их үйлд хувь нэмрээ оруулжээ. 1919 онд хиагтын гамин цэргийн албанд ажиллаж байхдаа Сүхбаатар, Чойбалсантай танилцаж байв. ардын төр засгийн даалгавраар ардын хувьсгалын анхны долоо болох Сүхбаатар, Чойбалсан, Бодоо, Данзан, Чагдаржав, Лосол, Догсом нарыг улсын хилээр гаргах, буцаан оруулах мөн Оросоос зэвсэг техник оруулж ирэх ажлыг хариуцан ажиллаж байжээ. Ардын журамт цэргийн анхны хороон дарга, сүүлд дөрвөн хороо байгуулагдахад 1-р хороон даргаар ажиллаж хиагтыг чөлөөлөх дайнд оролцсон байна. Ман-ын анхдугаар хурал буюу намын дүрэм программыг батлах хуралд оролцсон 26 хүний нэг, Баруун хойд хязгаарт Чойбалсантай цуг түүний орлогчоор явж байсан. Чойбалсаныг Сүхбаатар жанжны орлогчоор ажиллахаар явах үед Баруун хязгаарын цэргийн командлагч болсон гээд бахархам түүх олон бий. Мөн баруун хязгаарыг чөлөөлөх ажлыг дуусгасны дараа ховдын хязгаарт хатанбаатар магсаржавын орлогчоор очиж ховдын хязгаарыг Цагаантнаас чөлөөлөх дайнд оролцож байжээ. Б.Пунцаг 1911 онд аймаг бүрээс мянган эрсийг цэрэгт татахад автономит монгол Улсын цэрэгт дайчлагдан нийслэл хүрээнд ирж Шархаданд байрлаж байсан Сэцэнханы цэргийн хуаранд хуваарилагдсан гэдэг. Тэнд тус аймгийн харьяат олон эр байсны дотор Ест бэйс Доржжавын хошууны харьяат Д.Сүхбаатар ч байжээ. Удалгүй олон аймгийн цэргээс шилж сонгон хужирбуланд цэргийн сургууль байгуулагдахад Б.Пунцаг их буу, Д.Сүхбаатар пулемётийн сургуульд хуваарилагдан суралцжээ. Энэ үеэс нэг аймгийн Д.Сүхбаатар, Б.Пунцаг хоёр бүр дотносон нөхөрлөсөн гэдэг. энэ нь хожмын их үйлсийн төлөө санаа нийлэн зүтгэхийн эхлэл байсан бололтой. Б.Пунцаг 1921 оны зун баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилогдсон хатанбаатар ван магсаржав, манлайбаатар Дамдинсүрэн нарын удирдсан цэргийн бүрэлдэхүүнд багтаж, ховд хотыг манжийн дарлалаас чөлөөлөх тулалдаанд оролцон анх удаа дайны гал, дарийн утаа үнэрлэн “дайчин” замналаа эхэлжээ. Дараа нь 1912-1914 онд монгол орны зүүн ба зүүн өмнөд хязгаар нутгаар хятадын хар цэрэгтэй тулалдаж, ялалтын уриаг уухайлан түрэлцэж улам л хатуужиж эх орноо гэсэн сэтгэл бадран явсан байна. Улмаар хиагт хотыг сэргийлэн хамгаалах 50 цэргийг захиран, цэргийн их буу, пулемёт зэрэг зэвсэг хариуцсан түшмэлээр хэдэн жил ажиллажээ. 1920 оны гуравдугаар сард Д.Сүхбаатар хувьсгалт нууц бүлгийн гишүүн Б.Пунцагт хил орчмын байдлыг мэдэж нууцаар харилцаж байх даалгавар өгөөд тэднийхийг умар зүг рүү нүүлгэсэн байна. 1920 оны наймдугаар сарын эхээр Зөвлөлт Орос улсаас тусламж гуйх их хэргээр нийслэл хүрээнээс гарсан хувьсгалт нууц байгууллагын төлөөлөгч Д.Сүхбаатар, Д.Догсом, Д.Лосол нарыг Ерөөгийн тавиланд нутаглаж байгаа Б.Пунцагийнд хүрэлцэн очиход хашир дайчин тэдний зорилго бодлогыг ухаарч чадал чинээгээрээ туслахаа илэрхийлж байжээ. Тэд наймдугаар сарын 6-ны өдөр хөдөлж, Гялаан нуурын орчмоор уван цуван хил нэвтэрч Дээд Шивээ / троицкосавск/ хотод Зөвлөлт Орос улсын Гадаад хэргийн ардын комиссариатын төлөөлөгч О.и.макстеникийн ивээлд үлджээ. энэ тухайгаа Б.Пунцаг дурдатгалдаа “Би дөрвөн сайн морио өгч унуулсан /унаагаа юүлж/ өөрөө дагалдан явж … шөнө болоход нэг нэгээр нь хил давуулан Дээд Шивээнд хүргээд салсан” гэж бичиж үлдээжээ. Б.Пунцаг гамингийн газар албанд орж Д.Сүхбаатарын даалгаврыг биелүүлэхийн тулд тэнд галч, зарлага зэрэг ажил хийж байсан гэх мэдээ ч байх юм. Д.Сүхбаатар 1920 оны арваннэгдүгээр сарын 18-нд Дээд Шивээнд буцан ирж мөнөөх О.н.макстеникийнд буугаад маргааш нь Б.Пунцагийг дуудан уулзаж Орос улсад явсан зорилгоо бүтсэнийг мэдэгдээд хиагт дахь гамин цэргийн харгис хэрцгий үйл ажиллагааны тухай лавлан мэдээд Б.Пунцагт монгол хувцас, унаа морь бэлтгэх даалгавар өгч түүнийг 20-ны үүрээр сэм буцаажээ. Б.Пунцаг хиагтад буцаж ирээд Д.Сүхбаатар нарын захисан зүйлийг биелүүлэхийн тулд хичээн зүтгэж мядагмаа, Дамдинсүрэн болон ойр орчмын үйлчин бүсгүйчүүдийг гуйж, богино хугацаанд хар хурган нударгатай үзүүрсгэн дотор бүхий цагаан чисчүү өнгөтэй монгол дээл оёулж, уналга морьд бэлтгээд 1920 оны арваннэгдүгээр сарын 26-ны шөнө Дээд Шивээд дахин очиж бэлтгэж авч ирсэн дээл хувцас, унаа морьдоо өгөхөд Д.Сүхбаатар баярлан хүлээж аваад талархал дэвшүүлэн Б.Пунцагийг буцаасан байна. Б.Пунцаг гэртээ буцаж ирсэн даруйдаа нийслэл хүрээний зүг хөдөлж ил, далд замаар яаравчлан явсаар хувьсгалт нууц бүлгэмийн хүмүүст Д.Сүхбаатарын захидал бичгийг өгч, хариуг авч, Цагаантан Барон Унгерний харгис үйлсийн тухай асуун мэдээд нийслэл хүрээ болон ойролцоох зарим газраар явж харийн дайсны дарлал, ард олны зовлон зүдгүүрийн талаар ярьж тэдний эсрэг тэмцэлд нэгдэж гамин, Бароны зандалчидтай хүчээ нэгтгэн тэмцэх цаг тулгараад байна. Эх орноо аюулаас аврахад зэвсгээ дайсанд хураалгасан хуучин цэрэг эрс болон энэ үйлст оролцох хүсэлтэй хүн бүрийн хүч хэрэгтэй болоод байгааг таниулан нэлээд хүнийг элсүүлсэн байна. 1921 оны хоёрдугаар сарын 10-нд монгол хиагтад байсан Б.Пунцаг “өөрийн элсүүлсэн цэргүүдээ зэвсгийн хамт авч энэ сарын 17-ны шөнө Дээд Шивээнд яаралтай ир” гэсэн Д.Сүхбаатарын захидлыг хүлээж аваад санаа нэгдэн элсэхээр болсон нөхдөдөө хэл дуулган ирүүлж, заасан хугацаанд нь Дээд Шивээнд хүрч очиход Д.Сүхбаатар тэдний мэндийг мэдэж, танилцан зэр зэвсгийн байдлыг ч сонирхон үзээд байрлуулсан байна. Ийнхүү их хэргийн төлөө санаа нэгдсэн хувьсгалт бүлгэмийн ажилд түүний удирдагчдын нэг Д.Сүхбаатартай харилцан эхнээс нь журамт цэргийн эгнээнд багтсан ажээ. Д.Сүхбаатар ч өөрөө хяраан, Чагатай, хүдэр харуулаар явж элсүүлсэн 50 орчим хүнээ Б.Пунцагийн цэрэгт нийлүүлж, хоёрдугаар сарын 21-нд ардын журамт цэргийг зохион байгуулалтад оруулан нэгэн хороо болгон даргаар нь Б.Пунцаг, цэргийн ламаар Ц.хасбаатар, пулемёт бууны ангийн даргаар Дамдинсүрэн нарыг томилжээ. 1921 оны хоёрдугаар сард Цэрэнпил гүнгийн ар гэрийг түйвээн тонож байсан гамин цэрэгтэй тулалдаж байгаа журамт цэргүүдэд туслуулахаар Д.Сүхбаатар, Б.Пунцагийн цэргийг пулемёт буугаар нэмж зэвсэглээд явуулж байсан гэх баримт ч байна. Д.Сүхбаатар Б.Пунцагийн удирдаж байгаа анхны хороо болон түшээт хан аймгийн эрдэнэ вангийн хошуу, Сумъяа бэйсийн хошуунаас элссэн цэргүүд, хиагтын монгол цэрэг болон бусад газар, хошуудаас элссэн “цоохор” цэргүүдийг 1921 оны гуравдугаар сарын дундуур алтан хэмээх газарт цуглуулан дөрвөн хороо болгон зохион байгуулж, тэргүүн хорооны даргаар Б.Пунцагийг томилсон байна. Ардын журамт цэргийн хиагтыг чөлөөлөх байлдааны төлөвлөгөөний дагуу Б.Пунцагийн удирдсан тэргүүн хороо, Цэрэндоржийн гуравдугаар хорооны хамт хиагтын баруун, хойд талын эрээннарсны хамараас төгсөө булгийн эх хүртэлх газраар бусад хоёр хороо ч ноён овооны зүүн талын Орос булаг, Зуун цэргийн дуган, хойт манхны нарс чиглэлээр хиагтыг гурван талаас хагас бүслэн довтлохын тулд гуравдугаар сарын 17-ны өглөө бүх цэргийг хөдөлгөж, хиагтын хөндийгөгсөн эрээн хамрын нурууг дамжин үүр цайж, наран мандах үеэр тэргүүний анх хиагтын баруун тал Ширээ /дөрвөлжин/ сумд хүрч дөрвөн хороо тус тусын байрлалыг тэр агшинд буудаж, тэргүүн анги гал нээжээ. Хиагтыг чөлөөлөх тулалдааны дараа гуравдугаар сарын 19-ний өдөр тэргүүн хорооны дарга Б.Пунцаг жанжин Д.Сүхбаатарт хиагтыг чөлөөлөх байлдаанд хорооны цэргүүд хэрхэн тулалдсан тухай мэдээлэл өгч, байлдааны явцад түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны аравны дарга Дашням, Сэрээтэр нар шархдаж мөн аймгийн эрдэнэ вангийн хошууны Гончиг амь алдсаныг дурдсан байна. Түүний маргааш хорооныхоо цэргийн тоо, нэрсийг хавсаргасан мэдээ явуулж байжээ. Хиагтыг чөлөөлсний дараа орон нутгийн ард олонд нам, засгийн бодлогыг ухуулан таниулах, ардын журамт цэрэг элсүүлж, хүчээ зузаатгах, цагаантан, гамингийн үлдэгдлийг устгах зэрэг үйлст журмын нөхдөөсөө томилон явуулж байсны дотор Б.Пунцаг ч оролцож явсан бололтой. 1921 оны есдүгээр сарын 13-нд Цэргийн яамны сайд Д.Сүхбаатараас Баруун замын тусгай ангийн цэргийн дэд жанжин х.Чойбалсаныг дуудсан учир цэргийг дэд жанжин Б.Пунцагаар захируулах болсон тухай хатанбаатар магсаржавт мэдэгдэж бичиг явуулжээ. Б.Пунцаг энэ албыг хүлээн аваад дайчин нөхдөө удирдаж цагаантны хэсэг бүлэг дээрэмчидтэй тулалдсаар Улиастай хүрч Улаангомын хүрээний орчим генерал Бакич гэгч 700 шахам цэрэгтэй торголог, хандгайтын даваагаар давж явааг сонсож арван баядын зүүн хойно амдаж, хатанбаатар ван магсаржавын их цэрэг, Улаангомын хүрээнээс угтан дайсныг бүслэн мохоож, Бакич тэргүүтэй хориод ноёдыг баривчилж, нийслэл хүрээний газарт хүргүүлсэн байна. Удирдлагагүй хоцорсон долоон зуугаад оросыг хөшөө мод руу харгалзан хүргэсэн нь цагаатны сүүлчийн голомтыг сөнөөсөн хэрэг байжээ. Энэ тухайгаа Б.Пунцаг 1921 оны эцсээр Д.Сүхбаатарт бичсэн захидалдаа тодорхой дурджээ. Мөн 1921 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Баруун замын тусгай ангийн цэргүүд Зэрэгийн хүрээний орчим болон дунд Цэнхэрийн голоор цагаантны үлдэгдлийг бут цохисон тухай магсаржав жанжин Сүхбаатарт захидал бичсэнээс үзэхэд “тэргүүн хорооны дарга” гэж ардын журамт цэргүүдийн дунд алдаршсан Базарын Пунцаг тэнд ялалтын уриа цуурайтуулж явсан биз ээ. 1922 оны хоёрдугаар сард Д.Сүхбаатар, Б.Цэрэндорж нараас С.магсаржавт захидал илгээж Д.Гомбо-ичинийг баруун хязгаарын сайдаар томилсон учир С.магсаржав, Б.Пунцаг нарыг нийслэлд хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн байна. Ийнхүү Б.Пунцаг байлдааны даалгаврыг нэр төртэй биелүүлэн Цусан гавьяаны одонгоор энгэрээ цоолж, улсад туслагч гүн, түшээ гүнгийн зэргээр шагнагджээ. Б.Пунцаг 1936 онд ижил дасал болсон цэрэг хувцсаа тайлж, гэр орноо нүүлгэн төрсөн нутагтаа малчин болсон байна. Угийн малч удамтай Б.Пунцаг, гэргий Дамдинсүрэн хоёр орон нутагтаа мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь дээд зэргээр ашиглан, улсын төлөвлөгөөт даалгаврыг жилийн жилд давуулан биелүүлсээр 1941 онд хоёулаа “Улсын сайн малчин” цол хүртэж малч түмэндээ үлгэр дуурайл болж байжээ. Ийнхүү Дэлгэрхаанаас гаралтай Пунцаг хэмээх нэгэн залуу монголын түүхэнд элэрч баларшгүй түүхэн гавьяаг бүтээж, төрөлх нутгийнхаа нэрийг мөнхжүүлэн үлдээсэн байна.
2022-12-01 10:42:09