ТОВЧ НАМТАР
Тэрээр 1904 онд хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын малчин ард мөрдэндэвийн гэр бүлд мэндэлжээ. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөгөөд 1924-1928 онд москва хотноо Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль /КУтВ/-д суралцаж төгссөн байна. Улмаар мхЗэ-ийн төв хорооны суртлын хэлтсийн эрхлэгч, намын төв сургуулийн хичээлийн эрхлэгч, аж ахуйн яаманд хэлтсийн дарга, Шинжлэх ухааны хүрээлэнд эрхлэгч, 1931 онд Шүүх явдлын яамны зохион зааварлах хэлтсийн эрхлэгч, 1932 онд Шүүх явдлын Яамны дэд сайд бөгөөд улсын прокурор зэрэг ажил хийж байгаад 1936 оны есдүгээр сард Улсын төв театрын даргаар томилогдсон байна. Тэрээр 1935-1936 онд хайлаарт монгол Японы хэлэлцээрт оролцож байсан бөгөөд 1937 онд улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэн амь насаа алдсан юм. 1962 онд түүнийг махн-ын төв хорооны шийдвэрээр цагаатгажээ.
ТҮҮХ ТҮҮНИЙГ МАРТААГҮЙ
Ном уншдаг хүн мянган хүний амьдралаар амьдардаг” гэдэг. Тэгвэл ном бичдэг хүн хэдэн хүний амьдралаар амьдардаг бол...? Зарим зохиолчийн амьдрал, хувь заяа бичсэн зохиолоос нь ч илүү өрнөлтэй, ээдрээтэй, эмгэнэлтэй байх. Тийм хувь тавиланг тэд өөрөө бичээгүй. Хэн нэгэн л урьдчилан зурж тэмдэглээд, тогтоож онилоод өгчихсөн байдаг гэдэг дээ. Их шавийн хэрлэн Цагаан эргийн отог буюу одоогийн хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт 1904 онд мэндэлсэн М.Ядамсүрэнд ч мөн хэн нэгэн л тийм өрнөлийг нь таашгүй, ээдрээг нь тайлшгүй эмгэнэлт хувь тавилан зурчихсан гэлтэй. Хэдийгээр хөдөө нутгийн жирийн нэгэн малчны гэрт мэндэлсэн боловч аав мөрдэндэв, ээж Дуламсүрэн нар нь холын бодолтой, эрдэм соёлыг эрхэмлэдэг хүмүүс байсан бололтой. Зургаан наснаас нь бичиг үсэгт сургажээ. М.Ядамсүрэн бага насандаа эцгээсээ өнчирсөн бөгөөд ээжийн хамт нийслэл хүрээнд ирж суурьшсан гэдэг. Тэрээр арваад настай байхдаа отгийн албанд дайчлагдан улмаар шанзовын яаманд туслах бичээч хийж байхдаа тэр үеийн нөлөө бүхий хүмүүсээр заалган дорнын боловсрол эзэмшиж, манж, хятад хэл сурчээ. М.Ядамсүрэн 18 наснаас ардын Засгийн газарт алба хааж, 1924 онд ЗхУ-ын москва хотноо КУтВ-д суралцан орос хэл, бичигтэн болж, 1928 онд төгсөн ирээд монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны суртлын эрхлэгч, намын сургуулийн багш, аж ахуйн яамны эрхэлсэн түшмэл, хэлтсийн эрхлэгч, шинжлэх ухааны академид эрхлэгч, 1931 онд шүүх явдлын яамны зохион зааварлах хэлтсийн эрхлэгч, дэд сайд, Улсын хууль хамгаалагч Ерөнхий прокурор зэрэг өндөр албыг хашиж байв. Тухайн цагт шинэ төрд боловсролтой сэхээтэн цөөн тул нэгэн ажилд томилж түргэн дадлагажуулаад эрдэм ухаан, хичээл зүтгэлийг харгалзан дэвшүүлдэг байсны зэрэгцээ авьяаслаг хичээнгүй хүмүүс олон салбарт шинэ цагийн бодлогыг хэрэгжүүлж байв. “Улаан эрдэмтэн” хэмээн олноо алдаршсан Бархасын Банзрагч “Би Ядамсүрэнтэй хамт Зөвлөлтөд Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуульд сурч байлаа. М.Ядамсүрэн надаас нэг анги дээгүүр байсан. Тэр их чармайлттай, ихийг сурах эрмэлзэлтэй, орос хэлийг гойд сурсан, юм бүхэнд авхаалжтай ухаалаг залуу байсан” хэмээн дурсжээ.Мөрдэндэвийн Ядамсүрэн монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч анхны 16 зохиолчийн нэг ба 1936 онд анхны “Улсын алдарт гавьяат” уран зохиолч гурван хүний нэг бөгөөд энэхүү цолоо Сономбалжирын Буяннэмэх, Ширнэнгийн аюуш нарын хамт хүртсэн юм. Гэвч хожим түүнийг “хувьсгалын эсэргүү хэрэгт оролцон хэлмэгдсэн” шалтгаар шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч гэж нэрлэхийг хоригложээ. Гэвч түүх, ард түмэн түүнийг мартаагүй юм. Ардын жүжигчин нямын Цэгмэд “Сайхан хүн сайхан ханьтай байдаг. Ичинхорлоогийн нөхөр Ядамсүрэн жинхэнэ монгол эр хүн байсан. Өндөр соёл боловсролтой, өөдөөс нь буу шагайх нь битгий хэл, муухай харж боломгүй хүн байсан даа” гэж дурссан байдаг. Гэвч тухайн үеийн монголын төрийг түшилцэж байсан хүмүүс түүнийг 1937 онд хэлмэгдүүлэн, буу шагайж зүрхэлсэн юм. Тэрээр хэлмэгдэх хүртлээ асар богино хугацаанд төрийн нүсэр ажлаас гадна олон нийт соёл эрдэм шинжилгээний байгууллагад удирдах ажил хийж явахдаа хүсэл сонирхолдоо хөтлөгдөн олон шүлэг зохиосон байна. Тэрээр утга зохиолын олон төрөл зүйлээр бүтээл туурвихын зэрэгцээ урлаг уран зохиол судлалын ба суртал нэвтрүүлгийн хэд хэдэн өгүүлэл “эрэгдэндагвын эсэргүү бүлгийн хэрэг”, “Герман жолоочийн хэрэг” зэрэг хуулийн суртал нэвтрүүлгийн номууд бичжээ. Мөн “үзэсгэлэн гоо” зэрэг сайхан дууны үгийг зохиосон билээ. Түүнийг монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэгэнд тооцож байсан авч зохиол бүтээлийн зарим нь хойч үед үлдээгүй юм. Түүний бичсэн “таван жин алт” зохиол тухайн үедээ их нэрд гарч байсан бөгөөд хожим эсэргүү хэмээн цаазлагдсаных нь дараа түүний бүх зохиолыг устгаж шатаахад үрэгджээ. Тэр ч байтугай сонин хэвлэлд нийтлүүлсэн нийтлэл, өгүүллүүдийг нь хүртэл нэгбүрчлэн хайчлан авч устгасан байна. Тэрээр бичиг утга зохиолын албыг ч хариуцлагатай хашиж байв. “Залуучуудын үнэн” сонин, сэтгүүлийн гишүүн, уран сайхны зөвлөлийн дарга, “Үндэсний соёлын зам” сонины эрхлэгч, Улсын төв театрын дарга зэрэг ажлыг чадамгай эрхэлж байжээ. М.Ядамсүрэн нь 1936 онд аж үйлдвэрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж, махн-ын VIII, IX их хурлаас намын төв хорооны хянан шалгах төв комиссын гишүүнээр сонгогдож байв. Ийнхүү ид гялалзаж явсан 33-хан насандаа оргилдоо хүрч ширүүссэн их аллага, яргалалд өртөж, 1937 оны есдүгээр сарын 10-ны шөнө баривчлагдсан аж. Махн-ын төв хорооны шийдвэрээр 1937 оны “14-ийн хэрэг гэгчийг хянан үзээд зохиомол хилс” байсныг нотлон мөрдэндэвийн Ядамсүрэнг БнмаУ-ын ардын их хурлын 1962 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор цагаатгажээ. Дэлгэрхаанчуудын дундаас тодрон гялалзсан нэгэн суут хөвгүүн ийнхүү өөрт оногдсон хувь тавилангийнхаа замаар зугуухан урагшилж, өөрт ногдсон цор ганц амьдралаараа амьдарч, асаж явжээ. Түүний төрөх хийгээд амьдрах, эс амьдрах нь ч цор ганц түүнийх л байж. Зохиолч хүн ч амьдралаа өөрөө зохиодоггүй аж.
“АНХ ЗАСУУЛААС ТУГ ТОЙРОХ ХҮРТЭЛХ ЗАЙ МӨН Ч ХОЛ САНАГДАЖ БИЛЭЭ”
1975 он. Чимээ аниргүй дүнсийх уудам талыг сэрээж, хүлэг морин үүрсэн янцгаалаа. Их монгол Улсын анхны нийслэл, хаан төрийн голомт буурилсан хэрлэний хөдөө аралд орших хүн ам цөөтэй, буйдхан сумын төвд Бадмаанямбуугийнх хэмээх нэгэн өрх бүл нэмж суурьшив. Тэд ямархан сайхан учрал, тохиолыг тээн ирсэн хийгээд хувь тавилан тэднийг хэнтэй учруулж, ямархан түүх бүтээхийг таашгүй ээ. Талын харуул, тоонотын савдаг мэт том хүрэн шувууд аваргын гол, аураг рашаан, тосон, Бүрд нуурын дунд эргэлдэж, хол, ойроос ирэх зочдыг бүртгэх мэт сумын төв дээгүүр хэдэнтээ тойроод буцаж нисэлдэх аж. Б.Бадмаанямбуугийн охин Ч.Цэрмаа анагаах ухааны дунд сургуулийг эм найруулагчийн мэргэжлээр дүүргэж, Дэлгэрхаан суманд ажиллахаар хуваарилагдсан учир тэд охин үрээ ийнхүү дагаж ирсэн учиртай. Харин энэхүү дурсамжийн эзэн Б.Бат-эрдэнэ хэрлэний хөдөө аралд суурьшихаар ирэхдээ гуравдугаар ангийн сурагч байжээ. Тэрбээр “Намайг бага байхад манайхан майхантай ирж, рашаан амралтын зэргэлдээ амардаг байсныг би бүүр түүрхэн мэддэг юм. Нэн тэргүүнд тэр газар нутгийн хөрс шороо л сэтгэлд их тод үлдсэн дээ. Их элсэрхэг хөрстэй, элсэн ширхэгээс арай томхон, яг ижил хэмжээтэй жижигхэн алаг чулуудтай газар байж билээ. хаашаа ч харсан цэлийсэн их тал. тэртээд цэнхэрлэн харагдах Баян-Улаан уул, хэрлэн тооно хайрханыг хараад “энэ их уулсын цаана юу байдаг бол... очиж үзэх юмсан” гэж бодож байдагсан. Тэр л цэнхэртсэн их уулс тэмүүлсэн их хүслийг бэлэглэж дээ” хэмээн өдгөө дурсаж сууна. Гэвч хүүхэд багахан насандаа тэрбээр тэр их цэнхэртсэн уулсыг давж, хэдэн мянган километр аялан, монголдоо төдийгүй тив дэлхийд алдар нэрээ дуурсгасан их аварга болно гэдгээ төсөөлөө ч үгүй явсан биз ээ. Туулан өнгөрүүлсэн хийгээд туулан өнгөрүүлж буй цаг хугацаа, амьдралд тохиосон хийгээд тохиож буй юмс үзэгдлийг тэртээ ирээдүйд оччихоод эргэн харж, дурсан хүүрнэх хэчнээн сайхан билээ. Өдгөө төр түмний итгэлийг даан УИХ-д тав удаагаа сонгогдон ажиллаж буй түүний дурсамж “Манайх эгэл жирийн л амьдралтай айл байлаа. Аав минь “Аварга тосон” рашаан амралтын газарт жолоочоор ажилд орсон юм. Манайх амьжиргааны хоёр үнээтэй, сумын төвөөс гурав, дөрөвхөн километрийн зайд нутагладаг байлаа” гэсэн өгүүлбэрээр цааш хөврөв.
2022-12-01 11:08:46