Дэлгэрхаан сумын алдартан

БОСОО ХЭЭРИЙН ТООСОНД СЭРГЭСЭН ХИЙМОРЬ

1989 оны эхээр хэрлэн мөрний сав Баян-Улаан уул, хөдөө арлаар нутагтай нэрд гараагүй нэгэн уяачийн хээр үрээ дааган наснаасаа тасархай түрүүлсээр байгаа мэдээ ойр хавьд тархсан түүхтэй. Тэр уяач бол Дэлгэрхаан сумын уугуул хөхийн Сүрэнхор байсан юм. Түүнийг нутгаасаа гарч наадаж үзээгүй, хээр үрээ нь улаан хөлтнийг урдуураа алхуулдаггүй талаарх яриа амнаас ам дамжин яригдсаар л байлаа. Аваргын голд болсон “Тосон”-гийн рашаан сувиллын 20 жилийн ойн уралдаанд төв аймгийн Баянжаргалан сумын уяач Чимэд-Очир, хэрлэнбаян-Улааны уяач Пүрэв нар халхын цуутай хурдан “Галын хүрэн”, “Дулааны хонгор”-ын дундын угшилтай морин соёолонгуудаа хөтөлсөөр зорин иржээ. Х.Сүрэнхорын хээр тэгэхэд соёолон байлаа. Морьд барианы газарт дөхөж ирэхэд хоёр морин соёолонг унасан хүүхдүүд соёолон хээр азаргыг дундаа хийгээд хавчихсан, зуузай холбож явсан гэдэг. Тэднийг дагаж явсан хөнгөн тэрэгний цонхоор том далбагар нударгатай гар цухуйж далбагас хийлгэн дохимогц хээр азарга унасан хүүхэд жолоогоо суллан, ташааг нь ороолгоход хээр үрээ суга үсрэн гарч хоромхон зуурт саахалт хэртэй тасарчээ. 1990 онд “монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан “Даншиг” хэмээн алдаршсан наадамд хээр азарга мөн л гэнэт суга үсрэн цойлж түрүүлээд “Даншигийн босоо хээр” цолоо хүртсэн түүхтэй. Хачирхалтай нь, энэ алдарт хүлэг улсын наадамд цор ганц давхил хийсэн билээ. Тодруулбал, ардын хувьсгалын 70 жилийн ойн уралдаанд эхний хоёр азарга Буянт Ухаа дээр зуузай холбон гарч ирсэн нь Сүрэнхорын хээр, морин тойруулгын толин сарт зээрд хоёр байлаа. Хөнгөн тэрэгний буруу талд явж байсан хээр азарганы хүү хойш суулган татаж, тоосон дунд орсон байна. Азаргаа салгаж авсан хүү машины зөв талаар год хийгээд гараад ирсэн гэдэг. харин даамалын хөнгөн тэрэг хоёр азарганы дунд хавчигдаж сандарч эхлэв. Жолооч машинаа суулган хээр азарганы бөгсөөр суун зөв талд нь гартал хээр азарганыхаа амыг хүү ч тавьжээ. Хээр азарга ёстой л сүн гээд тасарч давхисан гэдэг. Уралдааны явцад унаач хүү азарганыхаа амыг үе үе татаж тавиад шалгаад байсан гэнэ лээ. Амыг нь тавихад хээр азарга сугарч гараад л татахаар нь ардах азаргануудтай нийлчихээд байж. Хээр азарганы уяа дутуу байснаас холоос тасархай зугтаалгавал суучихаж магадгүй хэмээн болгоомжилсон уяачийн захиас энэ байжээ. Хээр азарга уяа ханахаараа гуянд нь цагаан үсэн мэнгэ тодордог байсан нь судар сургаалд заасан “Зүс бус” үс ургана гэдгийн бодит илэрхийлэл юмсанж. Улсад давхисан тэр уралдаанд мэнгэ нь тодроогүй гэдэг. үүнээс үзвэл хээр азарга бол уяа ханасан ханаагүй давхиж л байдаг, ясны хурдан хүлэг байжээ. Бие бялдар хэдий жижиг ч дүүлэн давхихаараа томорч харагддаг, харьцангуй цээжирхэг, зоо сэрвээ босоо, сайхан бор хээр зүстэй, хурдны бараг бүх шинж жигдэрч хосолсон учраас галбирын согог болон онцгой содон шинж төрх ялгаран танигддаггүй онцлогтой, гал, хий, ус, шороон махбод бүрэн бүрэлдсэн хүлэг эрдэнэ хэмээн хурдан морь судлаачид тодорхойлдог билээ. Харамсалтай нь, энэ гайхамшигт босоо хээр улсын наадамд түрүүлснээсээ хоёр хоногийн дараа тэнгэрт хальсан юм. Түүнийг эндсэний дараа нэрт яруу найрагч З.Дорж “адууны дүрээр төрөөд аавын хүүгийн ёсоор амь эрсэдлээ” хэмээн харуусан өгүүлж байв. Энэхүү гайхамшигт хүлгийн уяа сойлгыг тааруулж, улсын наадмын ганцхан давхилаараа монголын түүхэнд нэрээ мөнхөлсөн хөхийн Сүрэнхор хэмээх суут уяач 1947 онд хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын майхан гэдэг газарт мэндэлжээ. Тэрээр хөдөөгийн багачуудын жишгээр бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөгөөд төрөлх сумын сургуульд суралцан, тусгай дунд боловсрол эзэмшсэн байна. Улмаар 1968-1977 онд тус сумын мал эмнэлгийн жолооч, 1978-1985 онд “Хэрлэн тооно” багийн бригадын дарга, 1986-1999 онд “Хэрлэн тооно” багийн даргаар ажиллахын зэрэгцээ буянт мал сүргээ адгуулан, 1997 онд Дэлгэрхаан сумын анхны “Мянгат малчин” болжээ. Х.Сүрэнхор 12 наснаасаа аавыгаа даган морь уяж эхэлсэн бөгөөд улсын чанартай наадмын 11 түрүү, дөрвөн айраг, сумын ойн 10 түрүү, долоон айраг, давхардсан тоогоор 136 айраг, түрүү хүртсэн хх зууны домогт уяачдын нэг байлаа. Нийтлэлийн эхэнд дурдсан Босоо хээрийн амжилтаас гадна 1999 онд бүсийн чанартай “Боржигон” болон 2000 онд Өвгөн ноёны нэрэмжит бүсийн наадамд хар азарга түрүү магнайд хурдалж байв. Түүнчлэн ардын хувьсгалын 80 жилийн ойн үндэсний их баяр наадамд хар азарга нь зургаад давхиж, мөн оны “их хурд”-д айрагдсан юм. Х.Сүрэнхор 1993 онд сумын алдарт уяач, 1994 онд монгол Улсын алдарт уяач, 2000 онд манлай уяач цол хүртжээ. Бидний дийлэнх нь “Уяач гэдэг адуу таньдаг нүдтэй, хурд ирлэдэг идтэй хүн байх учиртай” гэж боддог. Маргаангүй үнэн. Уяач хүн хурд танихаас гадна, таньж олсон эрдэнэт хүлгээ давхиулж чаддаг эрдэмтэй байх учиртай. нөгөөтээгүүр, адуунд хайртай, зөв эдэлдэг нэгэн байх ёстой ч гэдэг. Х.Сүрэнхор агсан дээрх бүх эрдэм ухаан, ёс хүмүүжлийг өөртөө шингээсэн, жинхэнэ уяач байсан талаар өдгөө ч уулзсан хүн бүр шагшин ярьж, асуусан болгон бахдан дурссаар байна. тэр бол азын од атгаж төрсөн домог шастирын баатар биш ээ. Тэр алдар нэр горилж мал дагаагүй, морь уяагүй. тэр өвгөдөөсөө өвлөж, эцгээсээ уламжилсан монгол ухаанаа хөдөлмөр, зүтгэл, билиг оюун, мэдрэмжээрээ хөгжүүлж, бэхжүүлсэн, эрдэм ухаанаараа домог мэт түүх бүтээж, суутан мэт алдраа мөнхөлсөн эгэл жирийн монгол эр, моринд хайртай энгүүн даруу малчин байсан юм. Тиймдээ ч насан туршдаа хэрлэний хөдөө аралдаа даруухан амьдарч, дуугүйхэн оршиж, адуугаа зүсэлж, уяагаа эргэж, хурдан хүлгийнхээ тоосыг тал нутагтаа өргөж хийморио сэргээн энгийнээс энгийн амьдарч байсан билээ. Тэрээр Буурын Цэцэгээ хэмээх бүсгүйтэй ханилан, найман хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн бөгөөд хүүхдүүд нь бүгд Дэлгэрхаан сумандаа ажиллаж, амьдран хүч хөдөлмөр, эрдэм ухаан, сэтгэл зүтгэлээ төрөлх нутгийнхаа төлөө өргөж явна. Түүний үр хойч ч мөн нутаг амьтай, дээдсээсээ өвлөсөн бодь сэтгэхүйтэй, хийж байгаа ажлаа, бүтээж яваа үйлсээ “Хийх л учиртай үүрэг хариуцлага” хэмээн ойлгодог, хийвэл хэн ч өөлж өөнтөглөх шалтгаан гаргахгүй гүйцэд сайн гүйцэтгэдэг, ясны хөдөлмөрч хүмүүс байдаг юм билээ.

2022-12-01 16:47:04