Дэлгэрхаан сумын алдартан

Гэрлийн элч  

Дэлгэрхаан бол Хэнтий аймгаас хамгийн анх өндөр хүчдэлд холбогдсон сум. Тухайн үед түлш, эрчим хүчний яамны харьяа зураг төсвийн товчоонд Бадарчийн нүүрэй ажиллаж байсан учир Багануураар дайрч өнгөрөх өндөр хүчдлийн шугамыг багахан далийлгаж, Хэрлэнбаян-Улаан, Дэлгэрхаанаар дамжуулан зураад батлуулчихсан гэдэг. Энэ зураг төсөл 1981 оны наймдугаар сараас ажил хэрэг болж эхэлсэн бөгөөд олон саад бэрхшээлийг даван туулж, бодит үр дүнд хүрсэн юм гэнэ лээ. Ийнхүү Дэлгэрхаанчуудыг гэрэл цахилгаантай золгуулсан түүхэн гавьяаны эзэн Б.Нүүрэй агсныг энэ нутгийнхан “Гэрлийн элч” хэмээн хүндэтгэдэг. “Гэрлийн элч” маань 1942 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт тооно уулын өвөр, хэрлэн голын хөвөөнд үзүүр хар толгой гэдэг газарт төрсөн юм. Бага балчир насаа эцэг эхийн гар дээр хурга тугал хариулан, хурдан морь унаж хөдөөгийн багачуудын нэгэн адил л өнгөрүүлжээ. Тэрээр 1951-1955 онд хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын бага сургууль, 1956-1958 онд одоогийн Цэнхэрмандал сумын бүрэн бус 7 жилийн дунд сургуульд суралцаж төгссөн байна. Энэ үед модтын уурхайгаас вольфрам олборлож байсан бөгөөд орос ажилчид, мэргэжилтнүүд ажиллаж байх үед анх тэнд орос хэлээр ганц хоёр үг зөв аялгатай дуудаж сурсан нь хожим түүний эрдэм мэдлэгийн их замд тун хэрэг болсон гэдэг. Улмаар 1959-1961 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 10 жилийн сургуульд суралцан төгсөж, мөн ондоо ЗХУ-д Укрианы ХАА-н академид суралцахаар явжээ. Ийнхүү тэрээр ХАА-н академид цахилгааны инженерээр, трасс Шевченкогийн нэрэмжит Улсын их сургуулийн механик-математикийн ангид давхар суралцан математикийн гүнзгийрүүлсэн мэдлэгтэй болох зорилгодоо нэг хоёр алхмаар ойртсон байна. Ингээд “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн” эх орондоо ирмэгцээ 1967-1971 онд Улаанбаатар хотын Цахилгаан шугам сүлжээний газарт инженер, үйлдвэр техникийн хэлтсийн даргаар ажиллаж энэ үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, дээд сургуульд олж авсан онолын мэдлэгээ бататгаж эхэлжээ. Мөн 1971-1998 онд эрчим хүчний эрдэм шинжилгээ, зураг төслийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга зэрэг алба хашив. 1973 онд ЗХУ-ын Минск хотод тооцоолон бодох электрон машины программистын курст суралцан төгсөж, өөрийн улсын эрчим хүчний салбарт ач холбогдолтой 30 гаруй бодлогын программыг Фортран хэл дээр зохиосон түүхтэй. Тэрээр 1979 онд ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн эрчим хүчний хүрээлэнд техникийн ухааны докторын зэрэг хамгаалж, 1989 онд Монголын багш нарын V их хуралд Политехникийн дээд сургуулиас төлөөлөгчөөр сонгогдон оролцож байв. Үүний зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарлан, 1990 онд БНМАУ-ын ардын их хурлын 407-р тойргийн депутатаар сонгогдож монгол Улсын шинэ үндсэн хуулийг батлалцах их ажлыг амжуулжээ. Улмаар 1996 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн эрчим хүчний системийн институтэд техникийн шинжлэх ухааны доктор /D.Sc/-ын зэрэг хамгаалж, 1997 оноос монголын ШУА-ийн техник, технологийн салбарын бага чуулганы гишүүнээр сонгогдон ажиллажээ. Мөн 2002 онд профессорын цол хамгаалсан байна. Тэрээр “Монограф 2”-ыг бичсэн бөгөөд есөн ном хянан тохиолдуулж, нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, үйлдвэрт нэвтрүүлсэн 70 гаруй ажил санаачилсан юм. Тэрээр “Би тооно уулынхаа өвөр хормой газраас хоёр дүү, нутаг усны нэг залуутай хамт шинжлэх ухааны докторын зэрэг, цол хамгаалаад байна. Цаашдаа ч бидний араас олон залуус гарч ирнэ гэдэгт итгэл төгс байна. Одоогийн байдлаар олж авсан эрдэм мэдлэг, ёс суртахуун хүмүүжил маань манай өвөг дээдсийн минь өв сан, хөдөлмөрийн хатуужил олгож байсны үр дүн гэж би боддог юм. Мөн хэрлэнгийн хөдөө аралд бага насаа өнгөрөөж, хаадын шүншигтэй тэр хөрсөн дээр мөлхөж хүн болсноороо машид бахархдаг” хэмээн дурсамжаа бичиж үлдээжээ.

2022-12-01 17:02:34