Дэлгэрхаан сумын алдартан

ТОВЧ НАМТАР

Ж.Оюунбилэг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд мэндэлжээ. 1967-1971 онд Дэлгэрхаан сумын бага сургууль, 1971-1975 онд Жаргалтхаан сумын дунд сургууль, 1975-1977 онд Өндөрхаан хотын 10 жилийн 1-р сургууль, 1977-1982 онд ОХУын эрхүү хотын Улсын их сургуулийг дүүргэж, генетикч мэргэжил эзэмшсэн байна. Улмаар 1984 онд АУДЭС-ийн дэргэдэх мэргэжил дээшлүүлэх факультетийг вирус судлаач, эрдмийн зэрэг цол мэргэжлээр төгссөн. 1996 онд биологийн ухааны доктор, 1998 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. 2007 онд монголын анагаах ухааны академийн гишүүнээр сонгогдсон.Тэрбээр 1982-1985 онд ЭАХНСУИ-д лаборант, 1985-1991 онд шинжлэх ухааны ажилтан, 1991- 1994 онд ЭАНХС үндэсний төвд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1992-1994 онд АНУ, мериланд, Бетазда, эрүүл мэндийн үндэсний хүрээлэнд зочин эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд нэмх-д эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2000-2001 онд Германы Гиссены Юстус Лийбэргийн их сургуулийн анагаах ухааны вирус судлалын хүрээлэнд зочин эрдэм шинжилгээний ажилтан, 1995 оноос МУИС-ийн Биологийн факультетийн генетик, молекул биологийн салбарт багш, ЭМШУИС-д багш, 1997 оноос нэмх, БУСС төвийн захирал, 2007 оноос нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч, 2008-2013 онд ерөнхий захирал, одоо зөвлөхөөр ажиллаж байна.

“НУТГИЙН МИНЬ УХААНТАЙ БУУРЛУУД НОМОО НАДААС ХАРАМЛАДАГГҮЙ БАЙСНЫ Л ҮР ӨГӨӨЖ”

Дэлгэрхаан нутгаас ердөө дөрөвхөн хүн шинжлэх ухааны доктор хэмээх цолыг хамгаалсан байдаг. Тэдний нэг нь Жанчивын Оюунбилэг. Энэ бол цэргийнхээр авч үзвэл “Хурандаа” цол юм. Ж.Оюунбилэг 1959 оны нэгдүгээр сарын 19-нд Хэрлэний хөдөө арлын аварга гэдэг газарт дуугаа хадаан мэндэлжээ. “Би яг хаана төрсөн талаараа ээжээс их тодорхой асууж байсан юм. Сургуулийн хашаан дотор байрлаж байсан жижигхэн модон байшинд төрөөд, сумын эмнэлэгт Балжинням эмч дээр очсон юм гэнэ лээ. Бас нэгэн бэлгэшээлтэй зүйл бол намайг төрөөд долоо хонож байхад манай нутгийн их эрдэм номын хүн Шараагийн Хэнчбиш гуай манайд орж ирсэн юм гэдэг. Ээж минь “Миний хүүд нэр хайрла” гэж тэр их хүмүүнээс хүсэж л дээ. Хэнчбиш гуай миний нэрийг өгөөд, гэрийн минь тооноос нэг хадаг уячихаад гарч одсон гэдэг. Тэгэхээр ном эрдмийн замаар явах цаашдын замыг минь тэр хүн л засаж, залж өгч дээ гэж би бэлгэшээж явдаг юм” гэж тэрбээр ярилаа. Мөн “Хэнчбиш гуайнх сумын номын сангаас ч том номын сантай. Би багадаа тэднийд очиж, салж чадахгүй долоо хоног сууж ч ном уншдаг байлаа. Наваанзундуй гуайгаас бас их ном авдаг байлаа. Нутгийн минь эрдэм номыг дээдэлдэг, ухаант буурлууд надаас номоо огт харамладаггүй байсан нь надад их тус дэм болсон шүү” гэж хуучлав. Түүнчлэн Миеэдулам гуайг номын санчаар ажиллаж байх үед ном авч уншсаар ядаргаанд ороод, сумын эмчийн зөвлөмжөөр аавыгаа дагаж “Долоод” багаар долоо хоног “тэнэж”, агаар салхинд явж байсан тухайгаа ч ярив. “Чөлөөлөх дайны үед орос цэргийн даргын морин жолоочоор ажиллаж байсан Шалдгай Лувсан-Очир, Цэдбал гэдэг орос хэлтэй хоёрхон хүн Дэлгэрхаанд байсан юм. Хожим намайг Орост сурч байгаад гэртээ ирээд байтал Лувсан-Очир гуай оросоор ярьж надаас шалгалт авдаг юм байна. Яриан дээр би унасангүй. Тэгтэл дүрэм яриад явчихлаа. “Завиар голоор гарч, цаад эрэгт нь очъё гэхийг юу гэж хэлэх вэ” гэсэн асуултанд нь унаад, аавд баахан зэмлүүлж билээ. Түүнээс хойш би хөдөөгийн айхтар өвгөдөөс айдаг болсон доо. Тэдэнтэй ном эрдэм яривал унаж мэднэ”. Тэрбээр ингэж хэлээд сүрхий инээд алдаж, тэгээд хэдхэн эгшний дараа гүнзгий санаа алдаж билээ. Нутгийн сайхан буурлуудаараа бахархаж, тэднийгээ санан дурсаж санааширсан нь тэр байсан биз ээ. “Аав, ээж хоёр минь Дэлгэрхаандаа нэр хүндтэй улс байлаа. Манай аав дуу цээтэй, нэг дуугарвал их айхтар юм хэлнэ. Архангайн хүн учраас айраг сайхан ууна. Лувсансүх гуайтай насан туршийн найзууд байсан даа. Бид багадаа Лувсансүх ахын уяан дээр л өнждөг байлаа. Одоогийнхоор бол Лувсансүх гуай галын ахлагч, Доржпүрэв ах менежер маягтай. Харин Баавай Чулуунбаатар ах морьдынхоо уяа сойлгыг тааруулж, Даваасүрэн бид хоёр унадаг байлаа. Би Доржпүрэв ахын ногоон морийг сумын наадамд 12-т давхиж байлаа. Лувсансүх гуай уяан дээр ирж, адууны хомоол имэрч үзээд л ямар нэгэн зөвлөгөө өгөхөд тэр нь яг онодогсон” гэж тэрбээр бага нас, хурдан морьдын уяа, нутгийн ах нарыгаа ч дурсав. Түүнтэй ийнхүү ярилцаж суух зуурт өрөөнийх нь хойморт заларсан нэгэн уран зураг өөрийн эрхгүй хараа булааж, сэтгэл гижигдээд байлаа. Тэрхүү зургийг Ж.Оюунбилэг доктор аавдаа зориулж, Цогтбаатар гэдэг зураачаар зуруулсан юм гэнэ. Малын эмч Жанчивыг Долоод хайрхан, хөдөө арлын хурдан удамт шарга адуу, хэрлэнгийн бэдэртэй нь хамт дүрсэлсэн тунчиг сүнслэг зураг байна. Ийнхүү зураг болон хүүгийнхээ ажлын өрөөний хойморт “завилсан” аав нь түүнд гурван зүйлийг машид чухалчлан захидаг байсан гэнэ. Нэгт, “Чи шинжлэх ухаанаараа явах хүн. Түүгээрээ л яв. Би шинжлэх ухааныг мэдэхгүй. Харин чи хөдөө аж ахуйг мэдэхгүй шүү. Гэхдээ монгол хүн бүр мал аж ахуйн талаар мэдэж сурах учиртай юм шүү” гэжээ. Хоёрт, “Хэрлэн тооно хайрханаа шүтэж яваарай” гэж. “Хүмүүс уул нь тооно хэлбэртэй юм гэж тайлбарлаад байдаг юм. Би бол монгол төрийн тооно, их аураг орд энд байсан учраас энэ хайрханыг тооно гэж нэрлэсэн юм байна гэж боддог. Хар сүлдийг хүртэл тооно уулын хэц дээр гөрсөн гэсэн яриа байдаг шүү” гэж тэрбээр хэлж байна лээ. Харин аавынхаа гурав дахь захиасыг тэр яагаад ч юм бэ, бидэнд хэлсэнгүй. Хувийн нууц ч байж магад, бид ч ухаж төнхөж асуусангүй. Ямартаа ч тэрбээр аавынхаа захиасыг дагаж, нутаг орноо сэтгэлдээ тээж, бодолдоо багтаасаар л яваа аж. Улаанбаатарт ажил, амьдралын эрхээр суух ч 2004-2014 онд нутгийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж, нарийн бичгийн дарга П.Батбэхийн хамтаар нутгийн зөвлөлөө албан ёсны тамга тэмдэгтэй болгосон. Нутгийнхаа уул усыг унаган төрхөөр нь хадгалж хамгаалах ажлыг ч амжуулсан, нутгийн зон олонтойгоо хамт тэмцсэн. Цагаан сараар нийслэлд суугаа нутгийнханаа уулзуулж учруулж, золгож хүндэтгэдэг уламжлал тогтоосон. Монголчуудын голчлон өвддөг элэгний өвчлөлийн 96 хувь нь вирусын шалтгаантайг тогтоож, Дэлгэрхаан сумаасаа 1000-гаад хүнийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж, анхаарвал зохих 100 хүний нэрсийн жагсаалтыг гаргаад, сумын эмнэлгийнхэндээ хариуцуулаад өгчихсөн. Элэгний үрэвсэл үүсгэдэг вирусүүдээс сэргийлэх вакцинжуулах аяныг 1990 оноос монгол орон даяар эхлүүлж, нийт монголчуудынхаа эрүүл мэндийг дархлаажуулсан. “Дэлгэрхаан сумаасаа өөрийнхөө мэргэжлээр доктор төрүүлчих санаатай хэд хэдэн хүүхдийг сонгож, “татаж чангааж үзсэн”. Харамсалтай нь, биологийн ухаанаар мэргэжил эзэмших хүн олдоогүй. Үүнд би жаахан харамсдаг юм. Уг нь чадвартай хүүхдүүд байвал дэмжээд, доктор болгочихъё гэж боддог л юм” гэж тэр сэтгэлийнхээ үгийг уудалсан. Гэвч биелээгүй, хэрэгжээгүй зүйлийн төлөө санааширч шаналж суух зав түүнд байхгүй. Боломжгүйтэй нь эвлэрч, хойш тавиад боломжтойг нь хийж хэрэгжүүлэхээр зүтгэдэг чанартай нэгэн бололтой. Хэдхэн жилийн өмнөөс нутгийн нөхөр П.Батбэхийн хамт хэрлэнбаян-Улаанд 10 га газар аваад, эмийн ургамал тариалаад эхэлчихсэн яваа гэнэ. “Үйлдвэрлэл гэдэг бол уул уурхай биш. Нутаг усны хүмүүсийг ажлын байраар хангаж, зохих хэмжээний татвараа төлөөд сум орон нутгийн эдийн засагт нэмэр болоод явж байвал түүн шиг том хөрөнгө оруулалт хаана байх вэ. Гол нь нутаг орондоо ашигтай л байх хэрэгтэй” гэж байна. Мөн одоо эрдэмтдийн зөвлөлийнхөө хамтаар дөрвөн аймгийн зааг дээр, бүр тодруулбал Чойрт үйлдвэрлэл технологийн парк байгуулахаар зорьж байгаа аж. Хэрэв энэ бүхэн ажил хэрэг болбол “үүгээр дамжуулаад нутаг усныхаа эдийн засгийг ч бас дэмжинэ” гэнэ. Сайныг санаж явбал бүтдэг л жамтай даа.

2022-12-02 14:41:50