Дэлгэрхаан сумын алдартан

 ТОВЧ НАМТАР

Ж.Цэцэгээ 1949 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод мэндэлжээ. 1-3 насандаа Дэлгэрхаан суманд эцэг, эхийн хамт амьдарч байгаад Улаанбаатар хотод шилжин суурьшсан аж. Тэрбээр 1957-1967 онд нийслэлийн I 10 жилийн сургуулийг дүүргэсэн бөгөөд 1959-1967 онд Улсын циркт жүжигчнээр ажиллаж байв. 1967- 1972 онд АУДЭС-ийг дүүргэж эмч мэргэжил эзэмшжээ. Улмаар П.Н.Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн 3-р эмнэлгийн Зүрх судас - ерөнхий мэс заслын тасагт эмч, тасгийн эрхлэгч, хагалгааны нэгдсэн тасгийн эрхлэгч, ЭХО-гийн анхны эмч, АШУИС-д мэс заслын багш, Улсын клиникийн нэгдсэн II эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн дэд захирал, АШУИС-д мэс заслын багш, мөн сургуулийн МДИ-д ЭХО-гийн багшаар ажиллаж байв. 1997 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд 2021 онд Монгол Улсын Гавьяат эмч цол тэмдгээр энгэрээ мялаасан юм. Тэрбээр “Цэцжин” эмнэлгийг үүсгэн байгуулж, 21 дэх жилдээ амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж байна алтан манежнаас анагаахын салбар луу урвасан алтан гартан аав жамбын жадамба нь хуульч мэргэжилтэй бөгөөд Баянмөнх сумын холбоо хар толгой гэдэг газарт 1912 онд мэндэлжээ. Харин ээж Гомбын Долгорсүрэн нь тогооч мэргэжилтэй бөгөөд Дэлгэрхаан сумын тооно уулын Шилхэнцэгийн өвөрт 1922 онд төрсөн байна. Ж.Цэцэгээ нь 1949 онд Ж.Жадамбыг Хэнтий аймгийн НАХЯ-ны хэлтэст ажиллаж байхад Өндөрхаан хотод мэндэлсэн бөгөөд түүнийг гурван настай байхад гэр бүлээрээ Дэлгэрхаан суманд шилжин суурьшсан аж. “Би зургаа, долоон настай л байсан даа. Зуны амралтаараа бага эгч Оюунцэцэгийнхээ хамт эмээгийндээ амрахаар очсон юм. Нагац ах Г.Гонсрон, Дарханы Намжил нарын унаач хүүхдүүдийн эцэг, эх нь үнэрхсэн учир бид хоёрыг маш богино хугацаанд хурдан моринд сургаж, гурван сумын хамтарсан Даншиг наадамд бүх насны морь унуулсан юм. Наадмын өдөр би Гонсрон ахын хээр азарга, эгч намжил ахын хүрэн алаг азаргыг унаад алхуулах зууртаа нойрмоглож явлаа. Эцсийн цэгт хүрээд гэнэт бүгд эргээд пижгэнээд л давхисан. Шороо тоо, жижиг чулууд нүүр нүдгүй шидэгдчих нь тэр. Айж сандарсандаа бид хоёр жолоогоо зэрэг татсан боловч би жолоогоо дийлэхгүй байлаа. Эгч минь зэрэгцэн ирж арай гэж л зогсов. “Ээж ээ” гэж уйлалдаж байсан бид шороонд хутгалдсан нулимстай царайгаа хараад өөрийн эрхгүй л инээд алдацгаасан. Тэгээд гэнэт сэхээрсэн мэт морьдын тэмүүлсэн зүгт давхицгааж билээ. Миний азарга давхих гээд байдаг, эгчийнх хоцроод байдаг. Тэгтэл эгч маань “Би айгаад байна. Намайг битгий орхиорой” гэдэг юм байна. Би ч эгчээсээ холдмооргүй байсан л даа. Ингээд хамтдаа давхисаар сүүлчийн азаргануудыг гүйцэх янзтай болов. Бага нагац ах намжил маань ч замд тосож аваад “Цэцэгийн хээр давхих янзтай байна” гэж хэлээд л “чүү” гээд миний унаж явсан азарганы хондлойг хүчтэй ороолгочих нь тэр. Тэгтэл ч огло харайгаад л хар хурдаараа цойллоо. Нүдний өмнө газар эрээлжлээд л, би ч уйлаад л давхиж явлаа. Өмнө явсан азаргануудыг толгой дараалан гүйцээд л байлаа. Ойччих гээд байгаа юм шиг санагдаад жолоогоо чадлаараа татаж явтал азарга маань хоёр эрэгтэй хүүхдийн дундуур хар эрчээрээ давхиад орчих нь тэр. Өнөөх хоёрын нэг нь дөрөөгөөрөө шилбийг минь хавираад золтой л тас татчихсангүй. Юун түрүүлэх тухай бодох, унаж яваа азаргаа яаж зогсоох талаар л бодож явлаа. Тэгтэл нэг том урдуур хөндөлсөж ирээд цулбуурдахаар нь баярласан гэж жигтэйхэн. Даанч тэр хүн ч зогсоож хүчирсэнгүй. миний гарт нэг мод бариулаад аваад давхидаг байгаа. Гэтэл амбаа маань (Гонсрон ах) инээд алдан угтаж, морь маань ч зогслоо. түрүүлсэн минь тэр байжээ” гэж тэрбээр бага наснаас сэтгэлд нь хоногшиж үлдсэн хөгтэй хөгжилтэй ч хамгийн гэгээн дурсамжаа хуваалцлаа. Ийнхүү Дэлгэрхааны дэнж дээр хурдан морины нуруун дээр хийсэж явсан Ж.Цэцэгээ гэр бүлийн хамт Улаанбаатарт шилжин ирсэнээр 1957-1967 онд нийслэлийн I 10 жилийн сургуулийг дүүргэжээ. Тэрбээр 1959-1967 онд Улсын циркт жүжигчнээр ажиллаж, найман бүтээл туурвиж, Монгол Улсын 18 аймаг, тэдгээрийн сумд болон тухайн үеийн социалист гэгдэх найман улсад циркийн урлагийг сурталчлах тоглолтонд оролцож ч байв. Улмаар 1967-1972 онд АУДЭС-ийг дүүргэж эмч мэргэжил эзэмшсэн бөгөөд Улмаар П.Н.Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн 3-р эмнэлгийн Зүрх судас - ерөнхий мэс заслын тасагт эмчээс тасгийн эрхлэгч, ЭХО-гийн анхны эмч, дэд захирал хүртэл дэвшин ажиллаж “Азын одонд төрсөн алтан гарт эмч” хэмээн түмэн олондоо цоллуулж яваа билээ. Түүний зэрэгцээ нутаг орныхоо хөгжил дэвшил, эрүүл мэндийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулах сэтгэл өвөрлөн 2005-2010 онд хэд хэдэн ажлыг санаачлан хэрэгжүүлжээ. Тухайлбал, эмч Ж.Оюунзулыг өөрийн удирддаг АШУИС-ийн ЭХО-ны гурван сарын курст сурган, мэргэжил эзэмшүүлсэн байна. Мөн Дэлгэрхаан сумын хүн эмнэлэгт хүнд өвчтний функциональ ор болон тэргэнцэр, тумбочка, жижиг мэс ажилбарын зарим багаж, палатны тохижилтонд зориулж зориулалтын эмнэлгийн хөшиг зэргийг бэлэглэжээ. Түүнчлэн сумын иргэдийг гурван жил дараалан зун, хаврын улиралд урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулж, 3 сая гаруй төгрөгийг үзлэгийг үнэ төлбөргүй хийсэн байна. Үүний зэрэгцээ судалгаа хийж 2007 онд Дэлгэрхаан суманд ШУ болон а нэмх-ноос хамтран зохион байгуулсан “Хөдөө арал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд “Сумын элэгний эмгэгтэй иргэдийн ЭХО шинжилгээний дүн” сэдэвт илтгэл тавьж, архи согтууруулах ундааг цээрлэх сургалт сурталчилгаа хийжээ. Энэ мэтчилэн аав, ээжийнхээ төрөлх нутгийг сэтгэлдээ тээж, зорилгодоо багтааж явдаг алтан гарт эмч маань өөрийн хань, яруу найрагч, доктор профессор Д.Борын бичсэн “Хэрлэнбаян-Улаан” шүлгээр нутгийн зон олондоо мэндчилгээ дэвшүүлснийг номын алтан хуудсаар дамжуулан уламжилж байгааг минь хүлээн авна уу.

2023-05-19 00:00:00