ТОВЧ НАМТАР
Н.Ишдорж Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд хүрээгийн гангын бууц хэмээх газарт 1951 оны хоёрдугаар сарын 15-нд мэндэлжээ. 1958 онд Дэлгэрхаан сумын бага сургуульд элсэн суралцсан бөгөөд 1965 онд Цэнхэрмандал суманд долоодугаар анги, 1968 онд Өндөрхааны 10-н жилийн сургууль, 1968- 1972 онд МУИС-ийн төлөвлөгөө эдийн засгийн ангийг дүүргэв. төлөвлөгч – эдийн засагч мэргэжилтэй. Улмаар 1972-1988 онд Улсын үнийн хороо, үнэ, стандартын улсын хороонд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1988-1990 онд төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороонд газрын орлогч дарга, 1990-2000 онд худалдаа, үйлдвэрийн яам, хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд газрын дарга, ахлах мэргэжилтнээр ажиллажээ. 2001-2004 онд үйлдвэр, худалдааны яаманд газрын орлогч дарга, Монгол улсаас БНХАУ-ын хөх хотод суугаа Ерөнхий консулын газар худалдаа, эдийн засгийн атташе, 2004-2008 онд үйлдвэр, худалдааны яамны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн, 2002- 2012 онд Монгол лсаас БНХАУ-ын хөххотод суугаа Ерөнхий консулын газарт нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан байна.Мөн 2012-2013 онд “Монгол бэст Өннури” ХХК-д зөвлөх, 2014- 2015 онд үндэсний хөгжлийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байв. 2015 оноос “Бага таян” ХХК-д хүний нөөцийн ажилтан, “Этүгэн” их сургуульд зөвлөх, ЕХ-ны “Монголын худалдааг дэмжих” TRAM хөтөлбөрт үндэсний зөвлөхаар ажиллаж байна. Та Дэлгэрхааны уугуул гавьяат цолтнуудын нэг. Аав ээж, өвөг дээдэс тань ч энэ нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан зүтгэж байжээ. Дээд үеийнхээ ажил үйлсийн замналаас яриагаа эхлэх үү? -тэгье ээ. Манай ажааг мөрийн наваанзундуй, ижийг Баянмөнх гэдэг. Ажаа маань 1917 онд төрсөн бөгөөд 1986 онд бурханы оронд одсон. Уламжлалт мал аж ахуй эрхэлж байгаад 1958 онд нэгдэл байгуулагдахад сумын төвөө бараадсан юм. Цэргийн албанаас халагдаж ирээд худалдаа бэлтгэлийн ангид олон жил нярваар ажилласан. Ижий маань 1925 онд төрсөн бөгөөд Цэвээнийхэн хэмээх удмын хүн байлаа. Миний ижийг багад нь Санжаажав гэдэг нутгийн айлд үрчлүүлсэн гэнэ лээ. 1950-аад оны эхэн үед манайх хэрлэн тооно уулын зүүн бие хүрээгийн булан, Гүнбүрд, хэрлэн голын хойд талаар нутаглаж хувийн цөөн мал маллан амьдардаг байлаа. Миний сайн мэдэж байгаагаар зуны цагт албан журмын сүү тушаахаар сүүн тасгийн ойролцоо бууж өдөр бүр сүүгээ тушаадаг байсан. Тэр үед сүүн тасаг гол төлөв аваргын гол, түүний хэрлэн голд цутгах уулзвар аваргын боо гэж нэрлэдэг газруудад байрладаг байв. Бусад улиралд хаваржаа, намаржаа, өвөлжөө гээд л нүүдэл суудал хийх болон гэр орны ажлыг ижий минь зохицуулдаг байсан юм. Миний ижий сургуульд сууж ном заалгаагүй боловч аливаа зүйлийг сэтгэн бодож ургуулан ойлгох талаар төрөлхийн хурц ухаантай, үйлэнд уран дээл, хувцас их сайхан эсгэж, оёдог, ер нь гарын ур сайтай хүн байсан. Намайг бага сургуульд орсны дараа жил сумын наадам болох гээд наадмын ёслолд зориулан улсын төрийн далбаа оёж урлах хэрэгцээтэй болж, манай ижийг сонгон оёулж байсныг би тодхон санаж байна. Миний ижийгийн оёж урласан төрийн далбааг манай сумынхан нэлээд олон жил хөх тэнгэртээ мандуулан цэнгүүлсэн биз ээ. -Та ажил, амьдралын гараагаа хаанаас эхэлсэн бэ? -Бидний үед уралдаант шалгалт буюу конкурс өгдөггүй байлаа. Сурлагын дүнгээр жагсааж байгаад л их сургууль, техникумын хуваарь өгчихнө үлдсэнийг нь чиглэл чиглэлээр нь сургуулиудад, үлдсэнийг нь налайхын усны аж ахуй, Дорнодын цахилгаан станц, шинэ баригдаж буй барилгууд зэрэгт хуваарилдаг байлаа. Би сурлагаараа гойд ялгардаггүй ч ангидаа эхний тавд багтдаг байлаа. Цэнжмаа, Б.алтангэрэл, Чагнаа нарын олон сайн багшаар эрдэм заалгасны хүч л дээ. намайг аравдугаар анги төгсөх жил ижий минь таалал төгссөн юм. Би айлын ууган хүү. ажаа болон дүү нартайгаа үлдсэн. Нэг дүүгээ хүнд өргүүлчихсөн байлаа. Их сургууль төгсөх үед нэгдлийн дарга тулгаа гуай намайг эдийн засагчаар авна гэж ярьж байсан гэдэг. Би онц төгссөн учир Улсын төлөвлөгөөний комиссын дэргэдэх Улсын үнийн хороонд хуваарилагдсан юм. тэндээс л ажлын гараагаа эхэлж, 1972-1988 он хүртэл ажилласан даа. 1976 онд Улсын үнийн хороог стандартын газартай нийлүүлэн үнэ, стандартын улсын хороог байгуулсан юм. Улсын Үнийн хороо болон үнэ, стандартын улсын хороо тухайн үед ямар чиг үүрэгтэй байв? -тухайн үед социалист орнууд, тэр дундаа Орос, Зөвлөлт, манайх зэрэг оронд үнэ их хатуу байлаа. Улсаас буюу үнэ, стандартын улсын хороо бүх юмны үнийг тогтооно. Би хүн амын өргөн хэрэглээний бүх барааны үнийг тогтоодог хэлтэст ажиллаж байлаа. Хэлтэс бүр чиглэл чиглэлээрээ бараа материалын үнийг тогтоодог. Ажил ихтэй тухайн үед үнэ хатуу байсныг ч хэлэх үү, үнэ нэмэх юм уу, алдагдал, зөрүү гаргавал хүлээх хариуцлага өндөр. -Та насаараа улсын байгууллагад ажилласан юм байна. нийт хэдэн жил ажиллав? -эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлт гэдэг зүйл 1970-аад оны сүүлч, 1980-аад оны эх болон сүүлчээр их яригдлаа шүү дээ. эдийн засаг өөрөө амьд организм. Бүх юмны үнийг хатуу барьж болохгүй, хөдөлгөөнд оруулмаар байна. Гэтэл социализм, коммунизм байгуулж байгаа орнууд ард түмний аж амьдралыг тогтвортой байлгах зорилготой. Үүний үндэс нь үнэ тогтвортой байх. эдийн засаг төлөвлөгөөтэй, эрчимтэй, өндөр хурдтай өсөж байх шаардлагууд тавигддаг. Энэ бүхэн санаснаар болохгүй байсан л даа. ЗХУ болон бусад оронд эдийн засгийн хавьтагч улсын зөвлөл байгуулсан юм. Түүгээрээ эдийн засгийн зорчилт орнууд бодлого, үйл ажиллагаагаа зохицуулдаг, тохиролцдог механизмтай байсан. Энэ хүрээнд асуудлаа шийдээд, өөрчлөлт шинэчлэлтийн бодлого явагдаад 1988 онд манай байгууллага төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороо руу шинэ зохион байгуулалтад орсон юм. Тэнд би үнийн газрын орлогч даргаар ажиллаж эхэлсэн. 1990 онд нийгмийн өөрчлөлт шинэчлэлт өрнөсөн учир оны сүүлчээс манай газар хэд хэдэн удаа өөрчлөлтөд ороод худалдаа үйлдвэрийн яаманд шилжлээ. Ингээд би тэнд үнийн газрын даргаар очсон. Түүнээс хойш янз бүрийн ажил алба хашиж, улсад тасралтгүй 40 жил ажилласан байна. -нутаг руугаа ухасхийх ч завгүй л ажиллаж байсан байх даа. -тун цөөхөн амарсан шүү. Жасрай, Бямбасүрэн дарга нарын аль алиных нь үед л өдөр шөнийг ялгалгүй ажиллаж байлаа. Эхлүүлсэн ажлаа шөнийн 2 цаг хүртэл хийгээд “Өглөө 8 цагтаа ирж үргэлжлүүлье” гэлцээд л гэр лүүгээ явцгаадаг байсан үе. Би 2011 онд тэтгэвэрт гарталаа л тэгж ажилласан. Гавьяаны амралт авсныхаа дараа хувийн компанид зөвлөх, төсөл хөтөлбөр, эрдэм шинжилгээний хүрээлэнд орон тооны бус ажилтнаар ажиллаж байна. Улсын ажлаас чөлөөлөгдөөд л нутагтаа тав тухтай очих боломжтой болсон доо. -нийгэм солигдох, өөрчлөлт шинэчлэлт өрнөх ид үед ажиллаж хөдөлмөрлөж байжээ. шийдвэрлэхэд ярвигтай асуудалтай олон тулгарч байв уу? -тэгэлгүй яах вэ. 1958-1990 он хүртэл өргөн хэрэглээний дийлэнх барааны үнэ тогтвортой байсан. 30 жилийн хугацаанд 1-р гурил 1 төгрөг 60 мөнгө, 1-р зэргийн хонины мах 7 төгрөг 50 мөнгө байх жишээтэй. Ийм хатуу үед Монголын эдийн засаг өргөжин тэлж, тэр хэмжээгээр зардал өсөж, улсын төсөв алдагдал ихтэй болон зээл, тусламжийг хааж байлаа. Нэг жишээ яръя л даа. Тэр үед ургамлын тос нэг литр нь 6 төгрөг байсан юм. 1980-аад оны үед манайхан австри улсаас тунгаалт ихтэй ургамлын тос оруулж ирэхэд 6 төгрөгтөө багтахгүй, алдагдалтай болчих гээд болдоггүй. Үнийг нь 9 төгрөг болгох шаардлага тулгарч, Улс төрийн товчооны хурлаар хэлэлцүүлж дэлхийн зах зээлийн үнийг тооцуулж байж 9 төгрөгөөр тогтоож байлаа шүү дээ. Ийм л өндөр хариуцлагатай байлаа. -Хэнтий аймаг тэр дундаа дэлгэрхаан сумын эдийн засгийн өсөлтийг дээшлүүлэх тал дээр та ямар санаа оноо нэмэрлэх вэ? -Би аймгийн Засаг дарга байсан С.Жаргал, Ч.эрдэнэбаатар болон сумын нутгийн зөвлөлийн гишүүдтэй уулзаж, санаа оноогоо байнга солилцдог. Аялал жуулчлалыг хэрхэн зохион байгуулж хөгжүүлэх талаар туршлага судлахаар Өвөрмонголын Ордос хотод орших Чингисийн онгоныг бүтээсэн хүмүүстэй холбоо тогтоож үзсэн. Ер нь аймгийн Засаг даргаар орон нутгаа сайн мэддэг, сэтгэл, зүтгэлтэй хүнийг ажиллуулахгүй бол томилолтоор очсон хүмүүс тодорхой ажил барьж авахгүй хийсвэрлээд яваад байх шиг харагддаг юм. Суманд бол мал аж ахуйг голлон хөгжүүлэх хэрэгтэй. Хуучны цагт нэгдлийн дарга нар хүмүүстэйгээ л их ажилладаг байлаа шүү дээ. Тэднийг манлайлах, ажлын ур чадвартай болгох нь их чухал. Хөдөө нутагт малыг зөв эргэлтэд оруулахгүй бол хөдөө аж ахуйн хөгжил гэдэг зүйл хоосон яриа төдий л яваад байна. Мөн хоршоолол гэдэг зүйлийг зөв гарган ирж, ашиглах хэрэгтэй. Эдийн засаг урсгалаараа хөгжинө гэж байхгүй. Зах зээл байгаа юмыг байгаа өнгөөр нь л харуулна. Газар, малчин, мал гурав нь бэлэн байгаа хойно бодлогоо зөв тодорхойлох л шаардлагатай. -Хэнтий аймаг, тэр дундаа дэлгэрхаан суманд үйлдвэрлэл хөгжүүлэх боломж хэр вэ? -хойд зүгийн нутгаар газар тариалан хөгжүүлэх бололцоотой. Мах боловсруулах үйлдвэр, экологийн цэвэр бүтээгдэхүүн савлаж, хөлдөөгөөд борлуулахад зам харгуй сайжирсан тул саад бага. төрөл бүрийн зээл, тусламж их болсон байна. Ер нь аливаа ажлыг хийхэд алсыг харсан бодлоготой хөдлөх нь зөв. хөгжинө дөө, хөгжинө. хүнд их юмны хэрэггүй байхгүй шүү дээ.
2023-05-19 00:00:00