Түүхэн дурсгалт газар

АУРУГ ОРД

Аураг бол их монгол Улсын анхны нийслэл юм. академич Ц.Дамдинсүрэн одоогийн аваргын рашааны арын дэнж дээр байгаа эртний хотын туурийг 1951 онд үзээд, XIII зууны үеийн монголын аураг орд мөн гэсэн саналыг дэвшүүлсэн юм. Улмаар 1969 онд уг туурийг археологич Х.Пэрлээ малтаж, шинжлээд Чингис хааны аураг орд мөн хэмээн баталжээ. 1155-1410 оны хооронд, гурван өөр цаг үед буюу эзэн Чингис, Өгөдэй хааны үед их хаадын тахилын сүм болгон ашиглаж байсныг ч эрдэмтэн судлаачид тогтоосон билээ. 1240 оны хулгана жил монгол түмний түүх, уран зохиолын хөлгөн их судар “монголын нууц товчоо”-г ч энд бичиж дуусгасан байдаг. Ауруг орд 1200х500 метр газрыг хамарсан гурван өргөн чөлөөнд гар урлал, тариалан, сүм, хана хэрэм болон орд харш гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж байсныг археологичид тогтоожээ. Түүнчлэн уг ордод цэргийн зэр зэвсэг, багаж хэрэгсэл үйлдвэрлэдэг төмрийн хүдэр хайлах, цэвэрлэж боловсруулах, дахин боловсруулах зэрэг үйлдвэрлэлийн шат дамжлага оршиж байжээ гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Энэ нь XIII зууны эхэн үе буюу эзэн Чингис хаан төр улсаа төвхнүүлж байсан цаг үетэй тохирч байгаа юм. ингэснээр эзэн Чингис хаан их цэргээ Баян-Улаанд байрлуулаад, зэр зэвсгээ ауруг ордод нууцаар үйлдвэрлэн зөөвөрлөж байсны түүхэн баримт болон үлджээ.

2022-11-30 08:41:06