Дэлгэрхаан сумын түүхэн дурсгалт газар

ХЭРЛЭН ТООНО ХАЙРХАН

Хэрлэний хөдөө аралд хэрлэн тооно хэмээх нэгэн сүрлэг сайхан хайрхан хэрлэн голын хойд хөвөө дагуу сүндэрлэн налайж байдаг. Эл нутаг 1930-аад он хүртэл Дашбалбар уулын хошуу гэж нэрлэгддэг байсан ба халхын анхдугаар богд жавзундамба хутагт, өндөр гэгээн Занабазар энэ хайрханд хоёр жил нэрээ нууцлан өвөлжихдөө Дашбалбар хайрханы тахилгын судрыг зохион буй болгож үлдээсэн түүхтэй. Дашбалбар хайрханы ердөө ар хормойд нь эзэнт гүрний анхны нийслэл ауруг ордыг байгуулж, хаант төрийн хар цагаан сүлдээ мандуулан, тахилын шүтээнээ дээдлэн залжээ. Чухам ийм л түүхтэй нутаг учир халхын Сэцэнхан аймгийн нутагт орших хэрлэний хөдөө арлыг монгол Улсын гал голомт хэмээн эртнээс дээдэлж ирсэн учиртай. Дашбалбар хайрханы ноёлох өндрийн нэг түх /туг/-ийн хярд хараа ихт хар сүлдийг харанхуй шөнө, оддын бүдэг гэрэлд ботилон бүтээсэн домогтой бөгөөд монголчуудын сүлд хийморийг сэргээгч хар сүлдний тахилгатай хайрхан гэдэг билээ. 1696 оны тавдугаар сард манжийн энх-амгалан хаан өөрийн биеэр арван түмэн цэргийг авч халх нутагт нэвтрэн ороод Галдан бошигтыг их цэргийн хүчээр уулгалан дайрч, хүчин мөхөстүүлжээ. Тэрээр ийнхүү дайлаар мордсон тухайгаа хэрлэн тооно уулын зүүн урд энгэрийн нэгэн хаданд сийлж үлдээсэн байдаг. Эл дурсгалт бичигтэй хад монгол Улсын түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй. Дашбалбар уул нь догшин сахиустай хайрхан бөгөөд тогоотын аманд хэдэн том хайлаас байдгийн нэгийг хэдэн орос хүн тайрахаар хөрөөдсөн авч тайрч чадалгүй, хөлөө гэмтээж, хөрөөгөө салгаад буцсан талаар нутгийн өвгөд хуучлан суудаг.

2022-12-02 15:31:56