Түүхэн дурсгалт газар

Харилт нуур

Эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэнгийн орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлсэн “Монголын нууц товчоо”- ны 136-р зүйлд “Чингис хааны аураг гэр /ар гэр/ харилт нуурт байсан билээ. Жүрхэн нар Чингисийн ар гэрт хоцорсон хүмүүсийг довтолж, тавин хүний хувцсыг тоноод арван хүнийг алжээ...” Хэмээн өгүүлдэг. Энд гарч буй харилт нуурыг рашид ад-дины мэдээлсэн халил нуур мөн бөгөөд их Монгол Улсын аураг ордны туурь байгаа газраас баруун урагш 8 километр орчим газарт байгаа Замагт нуур мөн гэж үзэж байна. Өндөр гэгээн Занабазар 1690-ээд оны үед Галдан бошигтоос буруулан зугтаж, Баян-Улаан ууланд хоёр жилийн турш нуугдаж байхдаа хэд хэдэн газрын нэрийг сольжээ. тухайлбал, Хэрлэн тооно уулыг Дашбалбар, Арцатыг Очирт, Хүүртийг Баянхошуу гэж нэрлэсний дотор Хар-илд гэсэн зэр зэвсгийн нэртэй нуурыг замаг зэгс ихтэй зэрэг гаднах төрхийг нь харгалзан Замагт хэмээн нэрийг нь өөрчилсөн байна.

2022-12-08 11:02:46