Түүхэн дурсгалт газар

ГҮНБҮРД НУУР

Дашбалбар хайрханы зүүн урд орших өргөн тал хөндийн дунд Гүнбүрд хэмээх нэгэн нуур бий. Ойр хавьдаа усгүй хээр талд яаж тогтсон юм бол доо гэмээр, загасгүй, гүнзгий тунгалаг устай энэ нууранд усны шувууд олноороо цугладаг юм. Энэ бол Чингис хааны адуун сүрэгтээ зориулан гаргасан худаг гэсэн домогтой. Тодруулбал, үй түмэн хүний хүчээр ухаж, усгүй талын дунд энэхүү гүн цэнхэр нуурыг буй болгосон гэдэг. Нуураас баруун урд зүгт ишигэн толгой нэртэй нэгэн жижгэвтэр бор толгой бий. Түүнийг энэ нуурыг ухахад гарсан шороо гэлцдэг билээ. Хэрлэн тооно хайрханы зүүн талд орших Уушги хэмээх уулаас урагш уулгүй цагаан газарт их, бага ацаагийн хад нэртэй хэдэн том чулуу бий. Чингис хаан гаргасан худгаа хашихаар хүрээгийн уулнаас чулуу тээж явтал тэмээ нь үргэж, татлага нь тасраад тэнд хэсэг чулуу уначихсан гэдэг домогтой. Гүнбүрдийн зүүн талд Чингисийн гүүн зэлний гадас гэгддэг завилан суугаа хүний дүрс бүхий хоёр хүн чулуу бий. М.өн энд жижгэвтэр адууны мөрүүд мэт хээтэй том хавтгай чулуу байдгийг Чингисийн адууны мөр гэлцдэг билээ.

2022-12-08 12:16:18